Хайлт
(+976) 7500-6666
info@netcapital.mn

09:00-18:00

даваа - баасан
Салбар
Би хэрхэн ажилладаг вэ?
2018/08/01
0
0
0
Би хэрхэн ажилладаг вэ?

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУППИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Д.СҮНДИЙ

Манай энэ удаагийн зочин бол тун залуудаа тус тусын салбартаа гялалзаж яваа хоёр компанийг удирдаж буй эрхэм. Д.Сүндий захирал 2002 онд ШУТИС-ийг мэдээллийн технологийн инженерээр төгсөөд, өөрийн компанийг эхлүүлтлээ төр хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллагад ажиллаж, бас Германд эрдмийн мөр хөөж байжээ. Улмаар 2008 онд Нэткапиталыг үүсгэсэн нь өдгөө 8 салбартай, 40,000 орчим харилцагч, 100 шахам ажилтантай, 10 дахь жилдээ санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буй томоохон групп болтлоо өргөжөөд байна. Тэрээр мөн 2017 оноос Монголын томоохон банкуудын суурь шийдлийн системийг бүтээсэн Грэйпсити Технологийн Группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж буй. Ингээд тун сонирхолтой, үлгэр авахуйц байдлаар ажилладаг, хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Д.Сүндий захирлын ажлын арга барил, амьдралын дадал хэвшилтэй танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Нэткапитал Санхүүгийн Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Грэйпсити (Grapecity) Технологийн Группийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro, Macbook, iMac, iPad 
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Өндөр зохион байгуулалт, урьдчилсан төлөвлөлт, төвлөрөл
Сошиал хуудас: Д.Сүндий (фэйсбүүк хуудас)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд онлайн орчинд, тэр тусмаа cloud орчинд суурилан ажиллахыг илүүд үздэг. Одоогоор OneDrive, Google Drive, iCloud зэрэг драйверуудыг ашиглаж байна. Ер нь бүх файлаа цэгцтэй, дараалалтай өрж хадгалах нь урт хугацаандаа маш их цаг хэмнэдгийг олж мэдсэн. Энэ нь орон зайгаас үл хамааран тухайн ажиллаж буй файлаа гар утас, компьютер, iPad зэрэг аль ч төхөөрөмж хоорондоо хүссэн үедээ sync хийж ажиллах боломжийг олгодог. Хэн нэгэн рүү файл явуулах шаардлагатай бол заавал гэр юм уу ажил руугаа явах шаардлагагүй. Гар утсан дээр бүгд цэгцтэй харагдаж байдаг. Мөн цаг төлөвлөлтийг ягштал баримтлахыг эрхэмлэдэг. Мягмар, баасан гарагт Нэткапитал дээр, лхагва гарагт Грэйпсити дээр ажиллаж, даваа, пүрэв гарагт аль болох чөлөөтэй, гэрээсээ зайнаас ажиллахыг эрмэлздэг юм.

Арга барилын хувьд асуудлыг судалгаа үндэслэлтэйгээр, дор дор нь хурдтай шийдэхийг боддог. Гэхдээ нэг дор олон ажил зэрэг хийдэггүй. Төвлөрч ажиллахыг илүү чухалчилдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Манай ажилчид дотроо ажлын төлөвлөгөө болон хамтарч хийх ажлууд дээрээ Trello апп-ийг түлхүү ашигладаг. Цааснаас аль болох татгалзаж технологид суурилсан ажлын арга барилыг хүмүүстээ хэвшүүлэхийг оролдож байна. Манай санхүүгийн албаныхан гэхэд төлбөрийн хүсэлтүүдийг Trello-д оруулчихсан байдаг. Тэгэхээр тухайн өдөр би ажил дээр байсан байгаагүй remote байдлаар хандаад тухайн хүсэлтийг зөвшөөрөн чек хийчихнэ. Дараа нь архив үүсдэг болохоор илүү хялбар. Дотоод чат Slack дээр явдаг байснаа сүүлийн үед Facebook Messenger түлхүү ашиглаж байна. Ер нь фэйсбүүкийг зөв утгаар нь хэрэглэж чадвал асар их мэдээллийг түгээж байдаг сайт. Хэрэглэхэд ч хялбар. Манай компани дотор зориулалтаасаа хамаараад олон төрлийн Фэйсбүүк групп, мессенжер группүүд байдаг болохоор хоорондоо шуурхай харилцаад мэдээллээ солилцоод явчихдаг.

iCloud-ийн гэр бүлийн багцыг худалдаад авчихаар их амар байдаг юм билээ. Багтаамж томсоод илүү их файл хадгалах боломжтой болдог. OneDrive дээр Word, Excel зэрэг ажлын файлууд, iCloud дээр хувийн бүх архиваа хадгалдаг. Бүх драйвер дээр two-factor identification-ээр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалдаг. Имэйл дээр Mac-ийн имэйл, Gmail хоёрыг ашигладаг. Mac-д ирсэн бүх имэйлээ Gmail рүүгээ forward хийгээд, үе үе цэвэрлээд явчихдаг юм. Viber-ийг илүү яаралтай үед ашигладаг. Мөн Youtube, Udemy зэрэг аппуудыг онлайн сургалтанд ашиглаж байна. iBooks дээр ном уншиж, бичиг баримтаа хадгалж, Audible-ээр ном сонсдог.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би төлөвлөгөөгүй уулзалт бараг л хийдэггүй. Мөн утсаар ажил амжуулахдаа сайн. Яриад зохицуулчих ажилд биеэр очих гээд байдаггүй. Зохион байгуулалт сайтай тул ер нь юм хайж цаг алдах нь бага. Тогтмол хэрэглэдэг зүйлсээ гарын дор ойр байлгах үүднээс хэд хэдийг аваад нөөцөлчихдөг. Жишээ нь, манай гэрт л гэхэд хэд хэдэн разетканд цэнэглэгч зоочихсон, хэд хэдэн ширээн дээр салфетка тавьсан байхыг олж харна. Ер нь өндөр зохион байгуулалттай байснаар цаг хэмнэхээс гадна амьдралын аар саар жижиг асуудлуудад стресстэхгүй илүү хялбараар шийдэх боломж олгодог. Яваандаа бүр дадал болчихдог юм. Хоёр гэрийн хооронд нааш цааш явахад мартаж санана гэх асуудал гарахгүй, амар байдаг юм. Хувцас хунараас эхлээд ижил төрлийн байнгын хэрэглээтэй зүйлсээс нэгэн зэрэг олноор нь авчихна. 

Мөн ямар нэг шинэ санаа төрсөн даруйд шууд тэмдэглэдэг. Гадуур найзуудтайгаа пиво уугаад сууж байхад, эсвэл агаарт алхаад явж байхад шинэ санаа төрвөл тэр даруй утсан дээрээ тэмдэглэж хожим ажил хэрэг болгодог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Apple Reminders дээр тогтмол, давтагддаг ажлуудаа тэмдэглэж Checklist байдлаар ашиглана. “Маргааш, долоо хоног, сар, хагас жил, жилээр нь гарчиглаад хуудас үүсгээд тухайн хугацаанд заавал хийх ёстой тогтмол ажлуудаа хадгалаад давтамжтай сануулга хийчихдаг. Тэгээд чеклээд явна. Энэ нь чухал ажлууд орхигдохоос сэргийлэх, мөн эргэж нягтлахад их тус болдог. Жишээ нь компани дээр бол жилдээ нэг л төлөвлөлт хийх нь учир дутагдалтай санагддаг. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдөж болно. Технологийн хурдтай өөрчлөлтөд бид бэлэн байх ёстой. Тэгэхээр компани дээр хагас жил тутамдаа хийгдсэн болон хийгдэх ажлуудын төлөвлөгөөгөө эргэж харж, цаг тухайд нь сайжруулах бодлого барьдаг. 

Харин календарь дээр уулзалт, арга хэмжээнүүдийг тэмдэглэнэ. Календарь, Reminders-ийн аль алинд орохгүй зүйлсийг Notes, OneNote хоёр дээр тэмдэглэнэ. Томоохон тэмдэглэлүүдийг Google Keep дээр хийдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Эмх цэгц, зохион байгуулалт гэж хэлнэ. Надад 100 гаруй мянган файл байна лээ. Би энэ дотроос хэрэгтэй файлаа тэр дор нь хайгаад олж чадна. Учир нь анх файл үүсгэх, хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн дараа нь хайж олохоо бодож байршуулдаг учраас асуудал үүсдэггүй. Энэ нь мөн цэгцтэй сэтгэхэд тусалдаг. Ажилтай холбоотой, хувийн архив, файлын зориулалт гэх мэтээр задлаад л олчихно.

Мөн өөрийгөө судалгаа хийх арга барилаа нэлээн хөгжүүлсэн гэж боддог. Хүнтэй ярилцаж байхад эсвэл сургалт семинарт сууж байхад шинэ мэдлэг, эсвэл шийдэл олох шаардлагатай тулгарвал тэр дор нь Google-дээд судалж, зөв шийдэл, олон талын дүгнэлт боловсруулахыг хичээдэг. Google-двэл эхлээд заавал зурган файлаар хайна. Аливаа зүйлийн зураг, дүрслэл, график нь тухайн зүйлийг томоор харах боломжийг олгодог. Тэгэхээр эхлээд том зургаар нь хараад, дараа нь нарийн деталь руу ордог гэж ойлгож болно. Мөн түвэгтэй асуудалд шийдэл олох, мэдлэгээ амьдралд ашиглахдаа сайн гэж боддог.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нэткапитал санхүүгийн группийн хувьд энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Бид иргэд, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ хүргэхээс гадна цахим төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, богино хугацаат санхүүгийн хэрэгсэл болон бондод хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг хүргэсээр ирсэн. Грэйпсити технологийн групп маань банк санхүү ба төлбөрийн суурь шийдлийн систем боловсруулж, Монголын томоохон банк санхүүгийн байгууллагад нийлүүлдэг дотоодын тэргүүлэгч компани. Интернэт орчинд, мобайл банкны төрөл бүрийн шийдлийг санал болгож байна.

Би мэдээллийн технологийн хүн учир компанийг яг л програм гэж хардаг. iPhone-оор жишээлье. Энэ утсыг задалбал маш их эд анги, програм хангамж бий. Харин эцсийн дүнд хэрэглэхэд хялбар энгийн нэг л төхөөрөмж. Түүн шиг компанийг маш хялбархнаар удирдах боломжтой. Үүний тулд бүх мэдээлэл хялбар шилжиж, юмс эмх цэгцтэй байх учиртай. Хүний сурах процесс удаан байдаг болохоор бид үүнийг богино хугацаанд шахаж, далд ухамсраар сурах нөхцөлийг үүсгэхийг чухалчилдаг. Мэддэг чаддаг зүйлсээ бид шаардлагатай үед хурдан ашигладаг байх ёстой.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид одоо бизнесүүдээ илүү дижитал болгон хувиргахаар ажиллаж байна. Сүүлд Голомт банк, Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран хаалттай бонд гаргасан маань том дүнгээр цөөн компани, чинээлэг иргэдэд бондоо зарах биш олон иргэдэд хөрөнгө оруулах боломжийг олгон өгөөж хүртээх гэсэн санаа юм.

Грэйпсити технологийн групп дээр дижитал банкны төсөл явж байгаа. Энэ нь банкны үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх дижитал банк юм. Зээл өгөх бол хамгийн наана харагдах нэг л хэсэг нь. Түүний цаана хиймэл оюунаар зээлийн шийдвэр гаргалтыг хийх, тооцоолох гэх мэт нарийн ажлууд бий. Энэхүү бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажил мөн судалгааны шатан дээр явж байна. Зүүн Өмнөд Ази дахь хэд хэдэн оронтой холбогдож нааштай хариу авсан. Одоо бүтээгдэхүүнээ тухайн улсын хэл, соёл руу хөрвүүлэх, илүү олон борлуулалтын суваг бий болгох хэрэгтэй байгаа.

ТА КОМПАНИЙНХАА ДОТООД СОЁЛООС ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Манай компанид гурван зүйлийг чухалчилдаг. Төвлөрөл, сахилга баттай байх, сэтгэлгээний түгжээгээ мултлах. Эхний хоёр нь ойлгомжтой байх. Гурав дахь нь юу гэсэн үг вэ гэхлээр, хэзээ ч мэдэхгүй чадахгүй гэж хариулахгүй байх, байнга өөрийгөө сорих, хөгжихийн төлөөх сэтгэлгээг суулгах явдал юм. Яагаад санхүүгийнхэн гэхээр чухал царайлсан, тоо бүртгэсэн, програмистууд гэхээрээ код ярьж компьютер ширтсэн уйтгартай нөхөд байх ёстой гэж. Хүн хийж буй ажилдаа дурлаж, ажлаасаа эрч хүч, урам зоригийг авч чаддаг байх ёстой. Залуу хүн зорилго, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Бид тэр зорилгод нь хүрэх гүүр болж өгөхийг боддог. 

Манайх гадагшаа маркетинг нэг их хийдэггүй болохоор шинэ ажилтан авахад, хүлээлт багатай 3 сар ажиллах зорилготой орж ирээд эндээ үнэнчээр үлдэх нь их. Хамт олон, удирдлага, хийж буй ажилдаа дурлаад, цаашдын замын зургаа бидэнтэй хамт татсан өч төчнөөн чадварлаг залуучууд бий. Ер нь дундаж ажилтан аваад хэдэн жилийн дараа шилдэг мэргэжилтэн болгохыг бид зорьдог. Зарим газар бол чадварлаг хүмүүс ороод хэдэн жилийн дараа дундаж нэгэн болчихдог шүү дээ. Бид ажилчдаасаа өөрийг нь хязгаарлаж буй бодлуудаас салж, үргэлж суралцагч байхыг шаарддаг. Мөн дотроо маш олон сургалт, олон нийтийн үйл ажиллагааг зохиож нэгдмэл байхыг чухалчилдаг. Залуус маань шинэ жилийн мэндчилгээг хүртэл маш их сэтгэл гаргаж, бүтээлчээр хийж байгааг хараад бахархдаг шүү. 

Бүх ажилтнууд маань iPhone барих ёстой гэсэн бодлогыг барьдаг. Нэг талаар хоорондоо харилцахад, мэдээлэл дамжуулахад хялбар, нөгөө талаас iPhone барьснаар сэтгэлгээ өөрчлөгдөнө гэж үздэг. Энэ бүтээгдэхүүний интерфэйс, ажиллах зарчмаас суралцаж, хийж буй ажилдаа шингээхэд тустай гэж үздэг юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажил хийж байхдаа нэг их сонсдоггүй. Машиндаа болон гэртээ сонсоно шүү. Сүүлийн үед хит болж байгаа шинэлэг хэмнэлтэй дуунууд, мөн дээр үеийн хит дуунуудыг сонсох дуртай. Том Уолкер, Эд Шийран, Сам Смит, Майкл Бубле, фитнессд бол Питбулл гэх мэт.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Олон номыг зэрэг эхлүүлж гарт ойр, нүдэнд ойр байлгаж, амсхийх зуураа эргүүлж уншдаг. Сонсдог номыг машиндаа, гадуур алхаж байх зуураа их сонсдог. Цаг хэмнэнэ. Мөн тасралтгүй мэдээлэл авах боломж өгдөг. Номуудыг уншаад байхаар сүүлдээ санаанууд их давтагддаг, шинэ санаа олоход хэцүү болж ирдэг. Тиймээс илүү толь маягийн, баялаг контент агуулсан, тухайн сэдвийн, тухайн салбарын бүх л зүйлсийг хамарч бичсэн номуудыг унших дуртай. Олон талын ерөнхий мэдлэг олж авахад их хэрэг болдог. Орчин цагт ер нь нэг талыг барьсан гэхээс илүү олон талын мэдлэг чухал болж ирж байна. 

Сүүлд "Platform Revolution" гээд ном уншлаа. Хуучин цагт салбарууд тус тусдаа байдаг байсан бол орчин үед хоорондоо ижилсэж байгаа тухай ном юм. Номыг эрээн бараан болтол нь зурж тэмдэглэж уншдаг. Хожим эргээд тэмлэглэсэн хэсгүүдээ харахад цаг хэмнэдэг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

“Амбиверт” хүн гэж хэлж болно. Аль алийг нь хослуулдаг, балансыг нь барьдаг гэсэн үг. Тухайн үед ямар нөхцөл байдалд байхаас шалтгаална. Төвлөрч ажиллах шаардлагатай үед "нуувчиндаа" орно. Олон хүнтэй байх гэхээс илүү ганцаараа сууж бодох, эргэцүүлэхэд цаг гаргана. Бусад үед хамт олон, хамтрагч нартайгаа байнга уулзаж, шинэ санаа солилцож нээлттэй байхыг эрмэлздэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар орой 11-12 цагийн үед унтаад өглөө 6 цагийн үед босдог. Үүнээс оройтож босвол ер нь ажил амжихгүй байх шиг. Эрт боссоноор хүнд илүү их эрч хүч, цаг хугацаатай болж, амьдралын баяр баяслыг мэдрэх нь их байдаг гэж итгэдэг. Миний хувьд цаг хугацаа бол хамгийн том үнэт хөрөнгө.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсдэг. Хотоос холгүйхэн зуслангийн хотхондоо очоод агаарт алхаж дуртай киногоо үзнэ. Хэд хэд давтаж үзнэ. Үзэх тусам шинэ санаа, шинэ өнцөг өгдөг кинонууд гэж байна. Аль болох эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Фитнесст явна, усанд сэлнэ, өвөл бол цанаар гулгах дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Алдартай, амжилтад хүрсэн хүмүүсээс, тэдний уналт босолт, амьдралын сургамжаас урам зориг авахыг хүсдэг. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, амжилтад хүрсэн хүмүүст худлаа ярих шаардлагагүй байдаг. Тэд үнэнийг хэлдэг. Товчхондоо дэлхийн мундгуудаас суралцахыг хүсдэг дээ. Уоррен Баффет, Стив Жобс, Элон Маск зэрэг хүмүүс бол яах аргагүй илүү ихийг бүтээх хүслийг бадраадаг. 

Мөн би мэдсэн сурснаа бусадтай хуваалцах дуртай. Зааж сургасан хүмүүс маань чадавхжаад, мэдэгдэхүйц үр дүн гаргаад эхлэхээр түүнийг хараад урам зориг их авдаг. 
Гүйлтийн зам дээр хөгжим сонсоод гүйх, өглөө эрт босох зэрэг энгийн зүйлсээс ч ихээхэн эрч хүч авдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Амьдралд маань маш ихээр нөлөөлсөн зүйлсийг дурдъя. Миний гэр бүлийн хүмүүжил надад ихийг өгсөн. Ээж аавын маань сургааль гэх үү дээ. Бага байхдаа би тухайн өдрөө дүгнэж орой нь их боддог байсан. Opportunity cost (алдагдсан боломжийн өртөг)-ийг багаасаа тооцож ирсэн юм шиг байгаа юм. Энэ дадал маань явсаар, бага цагт ихийг хийх, эмх цэгц, зохион байгуулалтад гойд анхаардаг чанарыг надад бий болгосон болов уу. 

Мөн passive learning буюу идэвхгүй суралцах чадварыг өөриймшүүлсэн нь надад томоохон давуу талыг бий болгосон. Ихэнх хүн юм сурахын тулд төвлөрлийг хайдаг. Хүн өдөрт дээд тал нь дөрвөн цаг л төвлөрч сурч чаддаг. Харин бусад үед нь хоол иднэ, зурагт үзнэ гэх мэт зүйлст их цаг зарцуулдаг. Тэгвэл энэ үедээ ч хүн давхар судалж буй контентоо сонсон, идэвхгүй хэлбэрээр, тасралтгүй сурах боломжтой. Тэгэхээр сонсох чадвар хүнд их чухал юм шиг байгаа юм. Миний хамгийн гол хэрэгслүүдийн нэг бол Apple-ийн утасгүй чихэвч.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучуудад би том компанид орж ажиллахаас илүү сайн лидерийг дага гэж зөвлөе. Нүсэр бүтэцтэй “аварга” компанид ороод карьер хөөж болно, гэхдээ уулын оройд гарахад нэлээд цаг хугацаа орно. Харин дорвитой юм хийж бүтээе, амжилтад хүрье гэвэл тодорхой хэмжээний эрсдэл гаргах чадвартай байх ёстой. Цалин бага байсан ч сурч хөгжих боломжийг олгох газар ажилла. Удирдлагатайгаа ойр ажиллах хэрэгтэй. 

Мөн мэдлэгтэй байх нэг хэрэг, мэдлэгээ богино хугацаанд ашиглаж шийдвэр гаргах нь чухал чадвар шүү. Google-дээд мэдчихэж болох зүйлсийг хоосон цээжлээд, баахан цаг үрээд, эргээд тэрийгээ ашиглаж чадахгүй бол ямар хэрэг байх билээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Грэйпсити технологийн группийг анх 49 настайдаа үүсгэн байгуулж өдийг хүртэл 18 жил маш амжилттай удирдаж ирсэн А.Сүхдорж захирлыг санал болгоё. Одоо 67 настай хүн. Электрон барааны BSB (БСБ нэр нь Банк санхүү бүртгэл гэсэн үг) компанийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Банкны системийг дотооддоо хөгжүүлэхийг мөрөөдсөн энэ хүн BSB-ээ орхиод, 49 насандаа дараагийн бизнесдээ орсон нь өнөөдрийн Грэйпсити технологийн группийн эхлэл байсан. Өнөөдөр банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дотооддоо тэргүүлэх компаниудын нэг. Энэ хүнтэй ярилцвал залууст их сонирхолтой байна байх.

 

Unread-аас үзэх

Бусад мэдээ