Дэлхийн хамгийн амжилттай яваа компаниудын захирлуудад бүгдэд нь нийтлэг нэг шинж байдаг. 

Тэд бүгд инженерүүд. Түүхэн дэх хамгийн өндөр ашигтай төхөөрөмжийг зохион бүтээсэн компани болох Research in Motion (RIM)-ийн захирал Майк Лазаридис бол тэдгээр инженерүүдийн нэг.

Тэрээр дөнгөж дөрөвхөн настайдаа лего тоглоомын блокуудыг ашиглан хөгжим тоглуулах хэрэгсэл бүтээж, өсвөр насандаа аливааг зохион бүтээх, шинээр хийх гэсэн олон зуун шинэ санаа гаргадаг хүүхэд байжээ. 1984 онд электроник инженерийн ангийн оюутан байхдаа анхны компаниа байгуулж байсан бөгөөд уг компанийг Майкын эцэг, эх болон Онтариагийн Засгийн газрын New Ventures Loan шинэ бизнесүүдэд зээл олгодог байгууллагаас санхүүжүүлснээр анх RIM байгуулагдсан түүхтэй. Ингээд RIM Хойд Америкийн хамгийн анхны утасгүй дата технологийн хөгжүүлэгч болсон юм. Утасгүй дижитал төхөөрөмжийн талаар судалгаа хийх явцдаа бизнесийн бүхий л салбарт ашиглагддаг компьютер, худалдааны автомат төхөөрөмжүүд болон кредит картаас тооцоо хийдэг утасгүй радио модемыг зохион бүтээсэн байдаг.

Хамгийн анхны Blackberry 1999 онд мэндэлж, хэрэглэгчид и-мэйлээ гэртээ харьж эсвэл ажил дээрээ интернэтэд орж байж шалгах биш харин гар утсаа ашиглан хэзээ ч, хаана ч шууд шалгах боломжтой болсон билээ. 2000 оны эхээр хэрэглээнд нэвтрээд жил ч болоогүй байхад томоохон компани, банкны менежерүүд, хөрөнгө оруулалтын шинжээч, эдийн засагчид, захирлууд зэрэг нийгэмд нэр хүндтэй, шинэ мэдээллийг цаг мөч тутамд авч байдаг хүмүүс бүгд Blackberry-ээр зэвсэглээд байлаа. Ийнхүү Blackberry InfoWorld сэтгүүлээс зарладаг тухайн жилийн оны шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртсэн байдаг. Blackberry-г амжилт олоход хүргэсэн хоёр зүйл байсан нь хурдан энгийн qwerty товчлуур болон дэлгэц, и-мэйл хоёрын хооронд түргэн шилждэг flywheel байжээ. Байгуулагдсан цагаасаа бүхий л цаг үеийн туршид RIM бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл болон маркетингаараа харилцаа холбооны зах зээл дээрх тоглоомын дүрмийг үргэлж шинэ шатанд гаргаж, бүтээгдэхүүн шинэчлэлийн тал дээр тоолж баршгүй их шагналуудыг авч байсан. Blackberry-гийн энгийн, ойлгомжтой байдал нь яг адилхан зүйлийг санал болгож байсан бусад өрсөлдөгчдөөсөө хол тасрахад нь ихээхэн нөлөөлсөн байдаг.

Moral of the story: Энгийн, бас ойлгомжтой бай.