Өрхийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, олон нийтэд Монгол Жангум нэрээрээ танигдсан А.Одончимэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Бусдад туслах хүсэл тэмүүллээр өөрийгөө хөглөж, хүнд хэцүү даваа нугачаа бүрийг үнэ цэнтэй итгэл үнэмшлээрээ даван туулж ирсэн түүний хийж буй үйлдэл бүр бусдад үлгэр дуурайл болж бахархал төрүүлэхүйц гэдгийг уншигч танд хүргэхийг зорилоо.
Яагаад энэ бизнесийг хийж эхлэх болов?
Хүн болгоны сонирхол, мөнгө олох арга зам, эрхэлж буй бизнес өөр өөр. Мэдээж гэр бүлээ авч явахын тулд хүн бүрд л ашиг орлого чухал. Миний хувьд хүүхэд байхаасаа мөрөөдсөн мөрөөдөл минь, эзэмшсэн мэргэжил минь тэс өөр. Би геологийн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ сурч байх үед амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн үйл явдал болсон. Анхны хүүхэд маань золгүй тохиолдлоор төрөх өрөөний чулуун шалан дээр унаж тархи нугасны маш хүнд гэмтэл авсан. Зүгээр нэг өвчтэй хүүхэд зургаа, долоон сар эмнэлэгт хэвтээд эмчлэгдчихдэг бол тархины саажилттай хүүхэд асар урт хугацаанд эмчилгээ хийлгэх, өндөр зардал гаргах шаардлагатай болдог. Тийм учраас ийм өвчтэй хүүхэд, түүний хүүхэдтэй гэр бүл асран хамгаалагч бол нийгмийн хамгийн доод түвшинд, хүнд амьдралыг туулж амьдардаг.
Надад өрхийн үйлдвэрлэлийг эрхлэх хоёр шалтгаан байсан.
Эхнийх нь юу вэ гэхээр тэр үед би өвчтэй хүүхдээ үүрсэн, халаасандаа ямар ч мөнгөгүй хорьхон настай оюутан хүүхэд байсан. Надад маш их мөнгө хэрэгтэй байсан. Нэгэнт би ийм өвчтэй хүүхэдтэй ээж болсон тул учир ч болох бүхий л эрсдэлийг өөрөө л үүрэх хэрэгтэй болсон. Би нэг ч хүнээс мөнгө зээлж аав ээж, ах дүү, найз нөхдөө санхүүгийн эрсдэлд оруулахыг хүсээгүй. Тэгээд энэ ажлыг хийхэд Баянхонгорын Шаргалжуутын рашаан дээр хүүхдээ аваад очсон маань их нөлөөлсөн. Яагаад гэхээр тэнд очсон олон хүмүүст хэрэгтэй байдаг гол зүйлийн нэг нь хоол байсан. Тэр дундаа рашаан усанд орж буй хүмүүст сайхан шөл хэрэгтэй болдог. Тэр үед нэг хонь 4,500₮-р худалдаж аваад, варений шил цуглуулж угааж цэвэрлээд битүү шөл хийж зардаг байсан. Үүнээс хойш талх нарийн боов, цагаан идээ хийж зардаг болсон. Цагаан идээ хийж сурахад нутгийн малчин эмэгтэйчүүдтэй найзалж нөхөрлөсөн маань маш том түлхэц болсон. Монгол эзэгтэйн гэр бүлдээ хоол хийж өгдөг арга барилыг яг тэр гал дээр нь хийж суралцсан.
Хоёрдугаарт хүүхдээ алдсаны дараагаар тэнд хүүтэйгээ ижилхэн хүмүүст туслах, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй сувилал байгуулах хүсэл мөрөөдөлд байж ядталаа автсан. Тухайн сувиллынхаа барилгыг барих гэж маш их хичээсэн ч хөрөнгө оруулалт олж чадаагүй. Зураг төслөө бариад олон байгууллагаар явж, засгийн газарт 15 удаа өргөдөл өгсөн ч дэмжигдэж чадаагүй. Сүүлдээ нас ч нэлээн яваад энэ мөрөөдлөөсөө үнэхээр няцсан. Эцэст нь ер нь өөрөө хөдөлмөрлөж мөнгө олоод тэр мөнгөөрөө л бусдад тусалъя гэж шийдсэн. Сүүлийн 15 жил бизнесийн ашгийнхаа 30%-г сайн санааны үйлс зориулж байна. Одоогийн байдлаар 3800 гаруй тэргэнцэр цуглуулж засаж шинэчлээд тархины саажилттай хүүхдүүдэд бэлэглэсэн, хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө 73 дахь гэрээ шинээр айл гэр болж буй залуу гэр бүлд барьж өгсөн. Өмнө нь дандаа тархины саажилттай хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавууд, өнчин хүүхдүүдэд гэр барьж өгдөг байсан бол анх удаа залуу гэр бүлд барьж өгч байна. Бусдад туслаад, тэр тусмаа хүүхдэд туслаад баярласан харцыг нь харах надад хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Таны бизнес ижил төстэй бусад бизнесээс юугаараа онцлог вэ?
Даяаршлын нийгэмд хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол хоол хүнс. Өнөөдөр Монголд яг органик, эко хоол хүнс ховордсон. Миний хийдэг хоол хүнс ямар ч амтлагчгүй цэвэр байгалийн гаралтай, органик орц найрлагатай байдаг. Хамгийн гол нь агуу хоолны соёлтой уламжлалт Монгол аргаа ягштал баримталж хийдэг учраас хүмүүсийн сэтгэл санаанд их хүрдэг болов уу гэж боддог.
Таны бодлоор бидний иддэг хоолнууд хүнс тэжээлийн зориулалтаас гадна өөр ямар утга учиртай вэ? Соёлын талаасаа?
Мэдээж хоол хүнс бол хүний амьд явахад хамгийн чухал амин тэжээл болдог. Тэгээд хоол зөв байвал хүн эрүүл саруул байдаг, хоол буруу бол өвддөг. Өнөөдөр дэлхийн хүн амын 70% гаруй хувь буруу хооллолтоос болж төрөл бүрийн өвчлөлтэй байна. Нөгөө талаасаа хоол бол тухайн улс орныг илтгэх асар том соёл. Монголчуудын хоолны соёл бол дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй агуу соёл гэж би боддог. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Монгол хоол цэвэр байгалийн гаралтай буюу таван хошуу малын махаар хийгддэг. Монгол мал цэвэр байгалийн өвс ногоо, усаар ундаалж өсдөг, ямар ч нэмэлт химийн бордоо, бодисоор тэжээгддэггүй нь онцлог юм.
Та хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Аль бүтээгдэхүүнээ бусдаас нь онцлох вэ?
Хүмүүс Жангумын брэнд бүтээгдэхүүнийг авах гэж, Жангумын гарын хоолыг идэх гэж их ирдэг. Гэхдээ миний хийдэг бүх хоол хүнс, брэндүүд Монгол ээж бүрийн мэддэг, эзэгтэй бүрийн гэртэй хийдэг, хийх боломжтой хоол хүнс байдаг. Одоогоор 32 төрлийн хоол хүнс үйлдвэрлэж байгаагаас хамгийн хайртай бүтээгдэхүүн минь Сарлагхан массаж зайрмаг юм. Гол түүхий эд нь 100% сарлагийн аарц, цэвэр зөгийн бал бөгөөд нэмэлтээр аньс, чацаргана, нэрс, самар хийж өгдөг.
Яагаад сарлагхан зайрмагийг онцолж байгаа вэ? Анх үйлдвэрлэж эхэлсэн түүхээсээ хуваалцвал?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэл яриа, хараа, тулгуур эрхтний, сэтгэцийн гэх мэт олон янзын бэрхшээлтэй байдаг. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тогтмол тусгай хэлний дасгал хийх шаардлагатай байдаг. Тухайлбал өдөрт 50 удаа хэлнийхээ үзүүрийг хамартаа болон эрүүндээ хүргэх, түргэн хэллэг хэлэх зэрэг төрөл бүрийн дасгал хийдэг. Маш олон ээжүүд хүүхдээ дасгалыг нь тогтмол хийлгэж чадахгүй байн яах вэ гэж ханддаг байсан. Тэр үеэс хоол хүнсээр дамжуулан хэлний дасгал хэрхэн хийлгэх талаар бодож, олон удаа туршиж үзсэний эцэст сарлагхан зайрмагийг үйлдвэрлэж эхэлсэн. Нэг аяга сарлагхан зайрмагийг 75-80 удаа долоодог бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд ашиг тустай, амттай орцтой тул дуртай амттанаар нь дамжуулж тогтмол хэлний дасгал хийх шийдэл болж чадсан гэж боддог. Энэ зайрмагийг хүн бүр идэхэд тохиромжтой. Учир нь энэ хэлний дасгал хүүхэн хэл, багалзуур, тагнай, давхар эрүү, шүд гэх мэт эрүүл мэндийн маш ашиг тус ихтэй байдаг.
Танд энэ их ажлын хажуугаар өөрөө өөртөө зориулах цаг гарж байна уу? Чөлөөт цаг гарвал хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Би даваа, мягмар гаргуудад амардаг. Энэ өдрүүдээрээ дараагийн 7 хоногт бэлдэх хоол, хүнснийхээ түүхий эдийг тосохоор эмээлтрүү явдаг. Үүний дараагаар үлдсэн багахан цагтаа хуучны оёдлын машинаар юм оёх дуртай. Би юм оёхдоо нэг удаадаа 108 баривч оёдог. Одоогоор 4 дэх 108 баривчаа оёод дээр нь шар шувуу, үнэг оёод дөнгөж төрсөн ээжүүдэд бэлэглэсэн байгаа. Чөлөөт цагаараа ч гэсэн бусдад хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг л хүсдэгдээ.
Гэр бүлийнхэн тань таны бизнесийг хэрхэн дэмжиж тусалдаг вэ?
Өрхийн үйлдвэрлэл бол маш хүнд бөгөөд уйтгартай ажил байдаг. Учир нь нэг зүйлээ өдөр бүр, өглөөнөөс шөнө хүртэл дахин дахин давтаж хийдэг. Энэ их ажлыг нугалж урагшлуулахад хамгийн их түшиг тулгуур болдог хүн бол миний хань. Хонь мал гаргах, ус түлээ бэлдэх гэх мэт эмэгтэй хүний хүч хүрэхгүй олон ажлыг хань маань хийж дэмждэг. Үр хүүхдүүд маань бүгд л өөр өөрийн ажил амьдралтай хэдийн ч амралтын өдрүүдээрээ ирж тусалдаг.
Таныг төрсөн өдрөө их өвөрмөц тэмдэглэдгийг бид бүхэн мэднэ. Яагаад төрсөн өдрөөрөө Сарлагийн наадам зохион байгуулдаг вэ?
Хотод ирэхээс өмнө тасралтгүй 15 жил сарлагийн наадам зохион байгуулсан. Энэ наадам нь сарлагийн уралдаан, сарлагийн шилмэл бух шалгаруулах ёслол, ихэр тугалын баяр, сарлагийн сүү цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн сүүтэй үнээний уралдаан, сарлагтай холбоотой хүүхдийн дуу, шүлгийн тэмцээн зэрэг олон төрлүүдээр зохион байгуулагддаг. Гол зорилго нь сарлагийн ашиг тусыг олон нийтэд таниулах, сарлаг өсгөж буй малчин ард түмнээ дэмжих юм. Яагаад сарлагийг онцлоод байна вэ гэвэл сарлаг яг л байгалийн ан амьтан шиг мал юм. Тухайлбал хүний хөл хүрээгүй өндөр уулын тагт очиж эмийн өвс ургамлаар идээшиж, уулын оройгоос ёроолруу хоржигнон урсах сэрүүн булгийн усаар ундаалдаг, мах нь уураг, сүү нь кальцийн агууламж маш өндөр. Энэ талаар хийсэн Японы эрдэмтдийн судалгаа ч байдаг. Тиймээс Монголчуудыг бордмол малын мах идэж, төрөл бүрийн нэмэлт эм бэлдмэл хэрэглэхийн оронд сарлагийн мах, сүү цагаан идээг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байгаасай гэж хүсдэг.
Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтантай зүйрлэх вэ? Яагаад?
Би өөрийгөө амьтантай зүйрлэвэл шар шувуутай зүйрлэнэ. Яагаад гэвэл шар шувуу хэзээ ч нүдээ цавчдаггүй асар соргог амьтан. Дандаа шөнө харж шөнө нисдэг. Энэ жигүүртэнтэй өөрийгөө зүйрлэж байгаагийн учир нь би дандаа шөнө хоолны бүтээгдэхүүнээ хийж, маш олон цагаар хөдөлмөрлөдөг. Маргааш өглөөний лангуун дээр тавих бүтээгдэхүүнээ хийхийн тулд шөнө хүмүүс унтаж байхад Жангум үйлдвэрлэж л байдаг. Өдөртөө хийсэн бүтээгдэхүүн өдөртөө л дуусдаг болохоор шөнө хийхгүй бол маргааш нь Жангумын лангуу хоосон байх болно. Эх орны өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирдэг болохоор хоосон лангуутай сууж болохгүй шүү дээ.
Хөрөнгө оруулалт гэж таны хувьд юу вэ?
Нийгэмд хөрөнгө оруулалт гэхээр хүмүүс ганцхан мөнгө гэж хараад байх шиг санагддаг. Миний хувьд бол хөрөнгө оруулалтыг чин сэтгэлийн шударга хөдөлмөр гэж ойлгодог. Залуучууд хийж буй ажлаа маш их голдог. Хүн болгон сайд дарга, том инженер, захирал менежер болох боломжгүй. Харин байгаадаа сэтгэл хангалуун байж, аливаад чин сэтгэлээсээ хандаж, шударгаар хөдөлмөрлөж чадна. Энэ бол таны өөрөө өөртөө өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна.
Та цаашдын зорилгынхоо тухай хуваалцвал?
Өмнө хэлсэнчлэн залуу байхад саажилттай хүүхдэд зориулсан, олон улсын стандартад нийцсэн сувилал байгуулахыг зорьж, мөрөөддөг байсан. Одоо 60 нас хүрч яваа миний хувьд алсыг харж, зорьж яваа том зорилго гэхээс илүү үлдсэн амьдралаа хойч үедээ зориулж Монголын уламжлалт хоолны өв соёлыг өвлүүлж үлдээхийн тулд, бидний үеэр энэ соёл тасарчих вий гэдэгт санаа зовж энэ бүхнийг хийж байгаа. Болдог бол олон нийтийн телевизээр өөрийн гэсэн 15-20 минутын Хоолны цаг нэвтрүүлгийг цацахыг хүсдэгдээ.
Хүнд хэцүү, шантармаар санагдах үеүүдийг хэрхэн давж туулдаг вэ?
Мэдээж тийм үе маш их байдаг. Өдөр болгон асар олон цагаар нэг ажлаа дахин дахин хийхэд залхмаар, болимоор санагдах үе олон бий. Тэр үед энийг хийчихвэл тэр маань гэртэй болно, энэ маань тэргэнцэртэй болно гэсэн бодлууд л намайг илүү хариуцлагатай, тууштай ажиллах хүчийг өгдөг. Би жил бүрийн цагаан сараар зовж олсон мөнгөө гандан орж засал хийлгэж үрэхийг хүсдэггүй. Түүний оронд 200 ширхэг толгой аваад хуйхалж чанаад хогийн цэг дээр хүнд хөдөлмөр эрхэлж буй иргэддээ өгч дэм болохыг хүсдэг. Ер нь бусдад туслах үед хүн юунаас ч авч чадахааргүй баяр баяслыг мэдэрдэг. Бусдыг баярлуулах төр мөчид бүхий л асуудал бэрхшээл, зовлон зүдгүүрийг мартчихдаг юмдаа.
Боломжиндоо хөрөнгө оруул. Нэткапитал Санхүүгийн Групп